2021 оны 01-р сарын 20, Лхагва гариг
Хэвлэх

Танилцуулга

Танилцуулга

  Тус компани нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 53-р тогтоолоор аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах “Үйлчилгээний тасаг” нэртэйгээр суурь нь тавигдсан. Тухайн үед уг газар нь Зочид буудал, Орон сууц, Халуун ус, Үсчин, Цэвэр ус тээвэр, Халаалтын зуух, фото зураг зэрэг ажил үйлчилгээ явуулж эхэлжээ.                

  1962 оны намар анхны халаалтын зуух, 1963 онд анхны гүн өрмийн худаг байгуулагдан ажил үйлчилгээний хүрээ өргөжсөөр 1969 онд “Үйлчлэх товчоо” нэртэй болсон байна. 1972 онд Сайд нарын зөвлөлийн 369-р тогтоолоор аймгуудын Үйлчлэх товчоо, Үйлдвэр хоршоодын холбоог нэгтгэн зохион байгуулж аймагт НАААҮУГазар болгож НААҮ-ний яам байгуулагджээ.

  1990 оны 05-р сард НААҮ-ний яам татан буугдаж аймгуудын НААҮ-ний газар орон нутгийн харъяанд, халаалтын зуухны үйлчилгээг түлш эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлж аймгуудад орон сууц НАА газар, эрчим хүчний нэгдсэн үйлдвэр гэсэн 2 байгууллага болон өөрчлөгдсөн байна.

  Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2001 оны 07-р сарын 05-ны өдрийн 64-р тогтоолоор хоёр байгууллагыг нэгтгэн НААЭХ-ний газар болгосон.

  Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2003 оны 44 тоот тогтоолоор орон нутгийн өмчит Дулаан ус хангамж НАА-н “Булган-Мээж” ХХК болж зохион байгуулагдан үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.

  Тус компани нь Булган хотын хүн ам, үйлдвэр аж ахуй, үйлчилгээний  газруудыг цэвэр ус, дулаанаар хангаж, бохир шингэнийг татан зайлуулах, халуун усны ажил үйлчилгээг хэрэглэгч нэг бүрт хүртээмжтэй чанартай үйлчлэхэд зорилгоо болгон ажиллаж байна.

  Одоо тус компани нь халаалтын 1, 2-р хэсэг, Шугам хоолойн цэвэр ус, Тээврийн цэвэр ус, Сувагжуулалт, шуурхай хэсэг, Захиргаа санхүү гэсэн 4 хэсэг нэгжид 180 ажиллагсадтайгаар ажилллаж байна.

  Булган сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 170 ААН, 41 төсөвт байгууллага, 30 орон сууцны 670 айл өрхийн дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, халаалтын 2 хэсгийн 6 зуух, гэр хороололд цэвэр ус түгээдэг 15 усан сангаар үйл ажиллагаагаа явуулж байна.

“БУЛГАН-МЭЭЖ” ХХК